Бүгд Найрамдах Улс Тунхагласан Өдөрт

Монголчууд хөвүүд, дүү нартаа ямагт эв найртай байж, бие биендээ тус дэм өгч, эв эеэ бэхжүүлэхийг чармайх хэрэгтэй гэж үргэлж захиж сурган, яавал эвтэй найртай байж болох үлгэр жишээг таниулдаг байлаа. Сургаал үлгэр ярьж, тэр хэлсэн сургаал үгээ баяжуулна. Нэг удаа бүх хөвгүүдээ цуглуулаад тэдний нүдэн дээр саадагнаасаа нэг сум сугалж аваад хугалжээ. Дараа нь хоёр сум сугалж аваад хугалж гэнэ. Дараа нь гурвыг хугалж.

Энэ мэтээр сумны тоог нэмэгдүүлсээр ямар ч бөх хүний дийлэхээргүй олон сум багцалж аваад хөвгүүддээ хандан “Та нар энэ мэт байх ёстой. Ганц хоёроороо бол амархан хугарах сум, ийм олон болбол хэнд ч дийлдэхгүй, үүнийг хугалах гэсэн баатар эрийн ч гар нь цуцах болно.

Тийм учраас ах дүү та нар бие биеэ дэмжин эв найрамдалтай байх юм бол дайсан хэдий хүчирхэг ч гэсэн та нарыг ялж дийлэхгүй. Хэрвээ та нар нэг удирдагч, нэг толгойлогчгүй, түүндээ бусад ах дүү үр хүүхэд, садан төрөл, найз нөхөд нь захирагддаггүй байвал олон толгойтой могойн үлгэрээр мөхөх тавилантай. Нэг удаа олон толгойт могой шөнө даараад нүхэндээ орж хорогдох гээд нэг толгой нь нүх рүү шургахад бусад толгой өөр тийш зүтгээд нүхэндээ орж чадалгүй хөлдөж үхсэн гэдэг. Гэтэл ганц толгойтой урт сүүлтэй өөр могой ямар ч саадгүй нүхэндээ орж, даарч хөрөлгүй унтсан түүхтэй. Ийм сургаалт үлгэрүүд олныг ярьж өгдөг”…

хэмээн Ил хаант улсын үед Багдадын захирагч байсан Ала-ад Дин Ата-Мелик Жувейни  1253-1260 оны хооронд бичсэн  “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” номдоо  Алангоо эхийн сургаалын практик сургалтын тухай өгүүлжээ.

Мөн 1245 онд Ромын Пап ламын элчээр Их Монгол Улсын нийслэл Хархоринд ирсэн Плано Карпини “ Монголчуудын түүх” номдоо:

“Тэдний хооронд аман хэрүүл үгүй, хэзээ ч зодолддоггүй ажээ. Хоорондоо дайсагнах, зодолдох, нэг нэгнээ алах эсвэл шархдуулна гэж үгүй. Дээрэмчин ба хулгайч байхгүй учраас үнэт эдлэл байгаа гэр ба тэрэгний хаалга үүд нь хэзээ ч цоожгүй, онгорхой байна. Бие биеэ хүндэлж хоорондоо найрсаг байх ба хоол хүнс нь тийм ч элбэг биш боловч өөр хоорондоо шударгаар хувааж иднэ. Ямар нэгэн гачигдал дутагдлыг хөнгөн давна. Нэг хоёр хоногоор мацаг барьж хоолгүй өнжвөл уурлаж уцаарлахгүй, харин ч хоол идсэн цатгалан хүмүүс шиг дуу дуулж инээд баясгалантай байдаг.”

“Эрчүүд нь нэг нэгэндээ атаархах зан байхгүй ба тэдний хооронд шүүхийн маргаан бараг үгүй. Бие биеэ жигшиж зэвүүцэхгүй, харин ч ядарч байгаа нэгэндээ тусалж, чадах ядахаараа дэмжинэ.” “Татааруудын эхнэрүүдийн ариун ёс суртахуун, нэр хүндэд нь нөлөөлж болох  ямар нэгэн яриа ер сонсогдоогүй.”

“Тулалдаж байхад аравтын хүмүүсээс ганцаар, хоёул, эсвэл гурвуул, эсвэл түүнээс ч дээш хүн ухарч дутаавал аравтын хүмүүсийг бүгдэд нь хариуцлага тооцно. Зуутын нэг аравт нь дутаагаад бусад нь дутаагаагүй байсан ч бүгд хариуцлага хүлээдэг.” гэжээ.

Гэвч монголчууд  Плано Карпинигийн бичсэн шиг үргэлж тийм байгаагүй юм. Тэрээр 1206 оноос өмнө Монгол нутагт ирж үзсэн бол энэ богино хугацаанд ид шидийн мэт  өөрчлөгдсөнд өөрийн нүдэнд итгэхгүй байсан биз ээ.

Чингис Хаан бүх монгол туургатан угсаатнуудыг нэгэн жолоонд нэгтгэхээс өмнө монгол оронд Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Мэргид, Татар аймаг зэрэг том ханлигууд, мөн Урианхай, Хонгирад, Барга, Буриад, Хорь түмэд, Соён зэрэг жижиг аймгууд бие даан, тусгаар оршиж байв.

Тэр үед дээрх ханлигуудын хооронд хямрал зөрчил, дайн байлдаан тасралтгүй үргэлжилж байжээ. Хамгийн ноцтой нь эдгээр ханлиг, аймгуудын дотоодод цусан төрөл, садны холбоонд тулгуурласан овгийн зохион байгуулалт ноёрхож байсан тул овог хоорондын зөрчил туйлдаа хүрч, засаглалын хямралд орсон байжээ.

Монголын нууц товчоо”-нд энэ тухай

“Одтой тэнгэр орчиж

Олон улс байлдаж

Орондоо унтах завгүй

Олзлон булаалдаж байв,

Хөрст дэлхий хөрвөж

Хөвчин улс хямралдаж

Хөнжилдөө унтах завгүй

Хөнөөлдөн тэмцэж байв” гэж дүрслэн бичжээ.

Садан төрөл, нутаг ус, хувийн эрх ашгаараа нэгдсэн бэртэгчин тогтолцоо төрийн институцийг орлож, төр үүсэхээс өмнөх балар эртний овгийн хэлбэр руу ухарсан байжээ.

Төв Азийн өргөн уудам нутагт тархай бутархай, өвөр хоорондоо үргэлж сэлэм, жад зөрүүлсэн, зарим нь  харийн гүрнүүдтэй сүжирсэн тийм л эгзэгтэй цаг үед  Тэмүүжин төрсөн юм.

Тэмүүжин эхлээд өөрийн овог аймагтаа тухайн үеийн овог аймгийн харьяаллыг үндэс болгосон байгууллыг эвдэж, янз бүрийн овог аймгийн хүмүүсийг аравтын харьяаллаар багцалсан шинэ хуваарилалт бий болгосон юм.

Тэмүүжин Мянгатын ноёдоор хуучин овог аймгийн ахлагч нэртэй бэртэгчдийг бус хувийн эрх ашгаас улсын эрх ашгийг дээгүүр эрэмбэлэх үнэнч итгэлтэй хүмүүсийг томилсон байдаг.

Чингис хаан нь төр, засаг захиргаа, цэргийн шинэчлэлээ өөрийн эртний өвөг дээдэс Хүннүгийн үеэс нүүдэлчдийн төр улсуудад уламжлагдан ирсэн иргэний арван өрхийн нэгжид тулгуурласан зуут, мянгат, түмтийн бүтцийг сайжруулан хэрэглэсэн юм.

Монгол цэрэг аравтын даргаа өөрсдөө сонгодог, аравтын захирагчид нь энэ зарчмаар зуутын захирагчаа сонгодог байв. Харин Чингис хаан өөрөө ажил үйл, зан төлөвөөрөө амьдралд шалгарсан шилдэг хүмүүсээ мянгат, түмтийн захирагчаар томилдог байжээ.

Ийнхүү засаг захиргаа, цэргийг овог аймгийн ахлагч нь удирддаг хоцрогдсон ёсыг халж,  дадлага туршлагатай мэргэжлийн хүмүүс удирдах тогтолцоог байгуулсан юм.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Бүгд Найрамдах Австри улсын холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер Монголчуудад баяр хүргэсэн илгээлтээ…

“Миний бодлоор цэрэг дайны ололтоос ч илүү чухал зүйл бол өнөөгийн хэмжүүрээр ч шинэлэг хэмээн үзэж болох XIII зууны Монголын Эзэнт гүрний засаглал болно…

Ер нь үр өгөөжтэй, сайн зохион байгуулалт бүхий засаглал нь аливаа амжилт дагуулсан бодлого, сайн сайхан амьдрал хийгээд дэвшил хөгжлийн суурь үндэс болдог.” хэмээн бичжээ.

Хайнц Фишерийн онцлон дурдсан үр өгөөжтэй, сайн зохион байгуулалт бүхий засаглал харин одоо монгол улсад байна уу? Мэдээж 100 хувь үггүй.

Яг л Тэмүүжинийг төрөх үед Монголчууд улс төр, нийгэм, хууль эрх, ёс суртахууны гүн хямралд байсантай адил тийм бэртэгчин нийгэмд өнөөгийн монголчууд амьдарч байна.

Өнөөдөр хэн нэгэн орчин үеийн Чингис хаан төрөх нь юу л бол, монголчууд бид аврагч хүлээгээд “их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэдэг болох биз.

Харин бидний үг дуугүй, үүрэг даалгаврын биелүүлэх орчин үеийн Чингис хаан бол Монгол Улсын Үндсэн хууль, түүнийг даган гарсан бусад хуулиуд юм.

Гэтэл Үндсэн Хуульд ч  хааны хамгаалалтын алба шиг хамгаалагч хэрэгтэй байдаг. Үндсэн хуулийг Засгийн газар, шүүх, бүр нийтийн танхимаас хамгаалах ганц хамгаалагч нь Дээд танхим байдаг. Орчин үеийн улс төрийн тогтолцоонд Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг бол Үндсэн хуулийн аюулгүй байдал, баталгааг нийтлэг улсын эрх ашгийг илэрхийлж чадахуйц Дээд танхимын оролцоотой хангадаг байна.

Монгол Улсын төрийн тогтолцоонд дээд танхимтай байсан үе бий.

Түүхийн хуудас сөхвөл 1918 оны 10 сард Монгол улсад Хятадын цэргийн эрхтэн Сюй Шү Жан цэрэглэн орж ирэв. Зэвсэг агсан хамгаалах цэрэгтэй хэрнэ ээ Монголчууд Сюй Шү Жаны цэрэгт дипломат шугамаар бууж өглөө.

Тухайн үед Ерөнхий сайд Бадамдорж Сюй Шү Жаны шаардлагыг улсын дээд  доод хурлаар хэлэлцүүлэхэд дээд хурал зөвшөөрч, доод хурал эрс эсэргүүцэж байжээ.

Эндээс ноёд урваас нохой шарваач гэдэг үг гарчээ.

Ингээд Монголын доод хурлын төлөөлөгчдийн эсэргүүцэл тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хөтлөн энд тэнд бүлэг, дугуйлан байгуулагдаж эхэлсэн ажээ.

Тэдгээр бүлгүүд нэгдэн Улаан Оросын засгийн газраас тусламж хүссэн боловч дорвитой дэмжсэнгүй. Яг тэр үед хаант засгийг дахин босгох эрмэлзэлтэй цагаантны үлдэгдлүүд Орос, Монгол, Манжуурын хил орчим орогнож байв. Зөвлөлт улсын цэргийг Монголд оруулж ирэхийн тулд цагаантны үлдэгдлийг Монголд түр орогнуулах арга сэдэж, Д. Бодоо энэ санааг гүйцэлдүүлсэн байдаг.

Цагаантнууд гамин цэргийг хүрээнээс хөөж, Харин Монголчууд Зөвлөлт Оросын тусламжийг авах “хүндтэй шалтгаан”-тай нэгэнт болсон тул тэдний тусламжтай Цагаан Оросын болон Гамингийн үлдэгдлийг цэвэрлэсэн байдаг.

Ийнхүү  1921 онд Монгол Ардын Нам Богд Хааныг хэмжээт эрхт хаанд өргөмжилж, ардын засгийн газар байгуулав.

Төр улс байгуулах нэг хэрэг, түүнийг цааш нь удирдан зална гэдэг бүр ч ярвигтай явдал бололтой. Арслангийн гүен болж төрөх аз эз биз, гэтэл нас бие гүйцсэн арслан болох үггүй бол байгалийн хатуу ширүүн өрсөлдөөн, шалгуурыг давах эсэхээс л хамаардаг ажээ.

20 дугаар зууны эхэнд тусгаар тогтносон улс орнууд онцлогтоо тохируулан олонхын ардчиллын  Их Британийн загвар,  зөвшилцлийн ардчиллын Швейцар загварыг хуулбарлаж байв. Мөн түүнчлэн социалист болон дарангуйллын засаглалын хэлбэрүүд тогтож, унаж бужигнаж байлаа. Олонхын ардчилалтай улсад аль ялсан нам нь ээлжлэн төрийн эрхийг авч байсан бол зөвшилцлийн ардчилалтай улсад намууд хамтран төр барих ёс тогтов. Харин социалист болон дарангуйллын засаглалтай улсад нэг нам дангаараа засаглалыг хэрэгжүүлж байв. 18 дугаар зуунаас үүссэн улс төрийн нам бол нийгмийн ангиудын эрх ашгийг илэрхийлж, анги хоорондын зөрчлийг зохицуулах улс төрийн механизмын үүрэг гүйцэтгэж байв.

Монголчууд засаглалын аль замаар явахаа сонгох цаг боллоо. 1921 онд Монгол Улс хэмжээт эрхт хаан, нөлөө бүхий язгууртнууд, үлэмж хүчтэй шашин, олон мянган ламтай, хамжлагаас чөлөөлөгдсөн ард түмнээс бүрдэж байлаа. Аж үйлдвэрлэлийн европ шиг хөрөнгөтөн, ажилчин анги үггүй ч хангалтай зөрчил цааш үүсэх нь ардын засгийн анхны жилүүдэд мэдрэгдэв.

Энэ үед Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д. Бодоо анги хоорондын тэнцвэрийг хангасан хэмжээт эрхт хаантай улс болохыг сурталчилж байсан юм. Ерөнхий сайд Д. Бодоо  Цорж мэргэн, Зуугийн хувилгаан Ламтанд илгээсэн нэгэн захидалдаа дараах байдлаар санаа бодлоо хуваалцжээ.

“….дэлхий дахин цөм хуучин эзэрхэг эрхийг халж, зарим нь бүгд найрамдах ба хурлын эрхт улс болж, зарим нь ч их бага улаан үзэлт улс болон эрх чөлөөгөө энхжүүлэн мандуулж бүхий нь, эдүгээ манай Монгол улс их бүдүүлэг бөгөөд боловсорсон олон улсын адил их, бага улаан үзэлт улс огт тохирохгүй, хурлын эрхт бүгд найрамдах улс бас хэцүү, хуучин ёсоор хэмжээгүй эрхт эзэнт улс байгуулбал, эзний дэргэд агчид элдэв зүйлийн гуйлтаар улс төрийн эвдрэл үүсгэх ба засаг ноёд эзэрхэг түрэмгийгээр албадан татаж боолчлон үйлдэхээс дээд доорд хоёр анги болж үлэмжхэн хувьсгал гаран зовлон зүдүүр, үхэл зовлонг эдэлсээр, эцэст урьдын автономийн эвдрэлт лүгээ дахин учрах болхул бидний ядуу ард түмэн яахин тэсвэрлэж чадах аж.

Иймийн учир хэмжээт эрхт эзэнт улс байгуулсан нь буюу. Юун хэмээвээс, бүгд Богд блам, бурхан шашин хэмээн итгэх бөгөөд энэхүү хэмжээт хэмээсэн үг нь төрийн хэргийг сайд хийгээд яам, олны төлөөлөгчдийн хурлаар юу гэж тогтсоныг эзэн эвдэхгүй, шашны багшийн хэрэгт төр албаны газраас хамаарахгүй, олноор дуртай болоод багшийн зарлигийг дагавал дагана, дуртай болоод зөрчин буюу эс хүлээх аваас, мөнхүү бурхны номлосон ёсоор нүгэл хилэнцээ өөр өөрөө хүлээх тул хэрхэвч багшийн зарлигийг дагасугай хэмээн албадаж үл болно.

Ийм болохул, багшид ч сүжиг итгэмж алдагдах зүйл гарахгүй, багш Богд хаан ч төрийн хэрэгт Богд ингэв, эзэн чингэв хэмээх үг будлиан хүлээх ч үгүй болно. Иймээс эргэцүүлбэл, эзэн хэмжээтэй эрх хэрэглэсэн тул бусад ноёд засаг, хувилгаан хутагт мөн хэмжээгүй эрхтэй аж төрөх нь хасагдана. Тэднийг хэмжээлэхэд гагцхүү албадан татаж, мөлжин хохируулахыг зогсоохоос бус харшлах зүйлгүй болох дээр хэмжээт эзэнт улсыг бат лут хэмээн баримтлах нь дэлхий дээр самуун будлиангүй, амар тайван суугаа Англи улсыг өмнөх толь болгож болно. “ гэж бичиж байжээ.

Энэ үед Европоор тэнүүчилж  байсан социализмын хий үзэгдэл нэгэнт биежсэн цаг тул Коминтерни “савраа” ази тивд уруу сунгав.

Д. Бодоо нийгмийн дээд, дунд ангиас дэмжлэгтэй хүн байсан учраас түүний   “Англи улсыг толь болгож хөгжих” үзэл санаа хэрэгжих бололцоотой байжээ. Иймээс Коминтерн тусгаар тогтнолын хамтран зүтгэгчдийн урьдын зөрчлийг ашиглаж Д. Бодоод хилс хэрэг тулган, цаазалаа.

Коминтерний хатгаасаар Бодоог хилс хэрэгт буруутгасан урьдын тусгаар тогтнолын хамтран зүтгэгчид бол язгууртан ангигүй нийгэм байгуулах талаар коминтерний зөвлөхүүдтэй санал нийлж байсан боловч социалист нийгэм байгуулах тухайд өөр бодолтой байжээ.

Тэд улс төрийн чиг баримжаагаа  “Дан ганц Зөвлөлт Оросыг дагаж коммунизмын замаар явахгүй ээ, дэлхийн олон улстай эн тэнцүү харилцаж, капиталын замаар замнан, үлгэрлэвээс Швейцар лугаа хөгжинө” хэмээж илэрхийлж байлаа. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн дунд Бодоогийн Английн улс төрийн загварыг хуулбарлах үзэл санаатай зэрэгцээд Швейцар лугаа хөгжих үзэл санаа хэлэлцэгдэж байв.

Энэ тухай, 1921 оны 12-р сард болсон Ардын Намын Төв Хорооны гишүүдийн ээлжит хурал дээр Бодоо Данзан хоёр зөрөлдөн, “Данзан Бүгд найрамдах засаг тогтоох зорилтыг даруй тавих гэлээ” хэмээн Бодоо зэмлэж хатуу ширүүн үг хэлснийг Чагдаржав, Чойбалсан нарын зэрэг нөхөд дэмжсэн гэдэг.

Швейцар лугаа хөгжих” үзэл санааны улс төрийн удирдагч нь С. Данзан байсан тул коминтерний “заншлын” дагуу Бодоогийн хувь заяаг давтсан билээ.

Харин Бодоо, Данзангийн үхлээр эхэлсэн Социалист хувьсгал  цусан зам татуулсаар 1938 онд толгойтныг бөхийлгөж, тойгтныг  сөгдүүлэв.

Амьд байгалийн хуулиар хуучин-шинэ хоёрыг холбож, залгамж чанарыг хадгалах жам ёсоор нийгэм, төрийн тогтолцоо байгуулах гэсэн Д. Бодоогийн үзэл санаа тухайн цаг үедээ үнэхээр оновчтой байсан нь өнөөгийн өндөрлөгөөс тодорхой үзэгднэм.

Харин С. Данзангийн Швейцар лугаа хөгжих үзэл санааг хэрэгжүүлэхэд тухайн цаг үеийн Монголын нийгэм бэлэн биш байжээ.

Гэвч цаг хугацаа хувиран өөрчлөгдөж Монголчууд дэлхийн хөгжлийн өөр орчилд түрэгдэн, шинэ хувьсал шалгуурын өмнө байна. Гадаад орчин өөрчлөгдөхөд дасан зохицсон хүн, хамт олон, улс үндэстэн түүхийн дараагийн хуудсыг эргүүлэх жамтай.

Эх нь булингартай бол адаг нь булингартай” хэмээн монгол түмний зүйр үгийг аксиом гэж үзвэл өнөөгийн манай нийгэмд үүсээд буй олон асуудал, хямралыг гатлах гарц нь улс төрийн  тогтолцооны шинэтгэлээс эхэлнэ.

Хаана эрх мэдэл төвлөрч байна, тэнд хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж  байдгийг бид мэднэ.

Монгол улс нэн даруй төрийн байгууламжийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэхгүй бол улс төрийн намаар дамжин төрийн тогтолцоог эзлэн авч буй “Клиентелизм” болон популист бодлого, шийдвэрийн сөрөг үр дагавар  улс төр, эдийн засаг, нийгмийн бүх системээ сүйрүүлж, Үндсэн хуульд тунхагласан үнэт зүйл, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний хамгаалалт нуран унаж байна.

Иймээс улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг Үндсэн хуульд дараах зарчмаар  дахин хуваарилах, эрх зүйн үндсийг тогтоох улс төр, нийгэм, хууль зүйн шинэтгэл биднийг хүлээж байна.


НЭГД: Швейцарын Зөвшилцлийн ардчиллын зарчимд суурилсан нийтийн танхим,

ХОЁРТ: Ирландын мэргэжлийн зарчмаар байгуулдаг дээд танхим,

ГУРАВТ: Францын Эдийн засаг-нийгэм-байгаль орчны Зөвлөлийн чиг-үүрэг бүхий хараат бус институци байгуулах суурь өөрчлөлтөд Үндсэн хуулийн шинэтгэлийн цөм оршино.


Мөн Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн захиалгаар Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийх судалгааны ажлыг 2013-2016 оны хооронд хууль зүйн ухааны доктор (Ph.D) Ч.Энхбаатар ахлагчтай, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Солонго, Чикагогийн их сургуулийн профессор Том Гинсбург, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор О.Мөнхсайхан, хууль зүйн ухааны доктор (Ph.D) П.Амаржаргал, магистр М.Батчимэг, магистр Ц.Даваадулам нарын бүрэлдэхүүн бүхий баг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсэгт дүгнэлт, зөвлөмж гаргахад дэмжлэг үзүүлж чиг үүрэгтэй ажилласан байна.

Энэхүү судалгааны ажлын үр дүнг 2016 онд Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн 25 жилийн ойг тохиолдуулан “Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” хэмээн эмхэтгэн гарсан юм.

Иймээс Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийсэн судалгааны багийн   8 тулгуур асуудлын хүрээнд гарсан дараах 19  зөвлөмжийг Үндсэн хуулийн шинэтгэлд тусгах  зайлшгүй шаардлагатай байна.

УИХ болон Засгийн газрын харилцаатай холбоотой асуудлаар:

  • УИХ гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох тухай,

УИХ-ын нэр болон үйл ажиллагаа,  гишүүний эрх зүйн байдалтай холбоотой асуудлаар:

  • УИХ-ын “төрийн эрх барих дээд байгууллага” гэсэн нэрийг “хууль тогтоох дээд байгууллага” гэж өөрчлөх тухай,
  • УИХ-ын бүрэн эрхээс “онцгой” эрх гэсэн тодотголыг хасах тухай,
  • УИХ-ын Чуулганы хуралдааны ирцийг нэмэгдүүлэх тухай,
  • УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах тухай 29 дүгээр зүйлийг хасах, -эсхүл хүрээг хумих тухай,

УИХ,Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар:

  • УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоорондын хугацааг 2 жил болгох тухай,
  • “Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна” заалтыг хүчингүй болгох тухай,
  • Орон нутгийн Засаг даргыг дээрээс томилдог тогтолцоог өөрчилж иргэдээс сонгодог болох тухай, Орон нутгийн сонгуулийг намын оролцоогүй явуулах тухай,

УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар:

  • Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй тухай УИХ-ын шийдвэр үндэслэлтэй байх тухай,

Иргэд үндсэн эрхээ Цэцэд хандах хэлбэрээр хамгаалах тухай асуудлаар:

  • Иргэд үндсэн эрх нь зөрчигдсөн үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхийн тухай,

Иргэдийн Хурал болон Засаг даргын хоорондын харилцааны тухай асуудлаар:

  • Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршил, тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан УИХ шийдвэрлэнэ” хэмээн өөрчлөх тухай,
  • Засаг даргын шийдвэрт Иргэдийн хурал хориг тавьсан тохиолдолд Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх тухай,

Хотын эрх зүйн байдал болон Орон нутгийн эрх зүйн байдлын тухай асуудлаар:

  • Үндсэн хуульд “Хот”-ын ангиллыг нэмж тусгах тухай,
  • Нутгийн удирдлага эрх хэмжээгээ хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулах, өмч эзэмших эрхтэй байх, түүний эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль тогтоомжийг өөрчлөхөд орон нутгаас санал авах тухай,
  • Хурлын Тэргүүлэгчдийг сонгох шалгуурыг тодорхой болгох тухай,
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийн хууль тогтоомжид нийцсэн байдлыг хянах субъектийг тодорхой болгох тухай,

Үндсэн хууль дагаж мөрдөх журмын тухай асуудлаар:

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан хөндөж үл болох заалтуудыг тоог цөөлөх тухай зэрэг өөрчлөлтүүдийг оруулах нь шинэтгэлийн гол цөм байх ёстой юм.

Эцэст нь С. Данзангийн хүсэл мөрөөдөл болсон  “Швейцар улсын Үндсэн хуулийн оршил”  ийнхүү эхэлдэг юм байна,

Швейцарын ард түмэн бид,

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахын тулд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнол, энх тайвны төлөө олон улстай хамтран ажиллаж,

Ирээдүйн өмнө хүлээсэн нийтлэг үүргээ ухамсарлан бие биеийнхээ язгуур эх ашиг, үндэсний онцлогийг хүндэтгэнэ,

Улсынхаа хөгжил дэвшлийг иргэдийнхээ эрх чөлөө, эдийн засгийн чадамжийн хамгийн доод түвшнээр хэмжих болно”  хэмээн тунхагласан байх юм.

Иймд Алангуа эхийн сургаал шиг Үндсэн хуулийнхаа дор нэгдсэн цагт
Монгол Улс Дэлхий дахинд тусгаар тогтнол дахин баталгаажуулж, Даяар олноо дахин тунхаглах болно.

Баярсайханы Өлзийбаяр

Баярсайханы Өлзийбаяр

Эрхзүйч, аналитик
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Close Menu